Улаанбаатар хотын УЦУОШТөвийн харьяа Ус судлалын өртөө нь Туул голын эх дээр Туул-Босгын гүүр, Туул голын зайсан толгойн засмал замын хойд талд Туул-Улаанбаатар, Тэрэлж гол дээр UB-2 ойролцоо Тэрэлж-Тэрэлж, Улиастайн гол дээр Улиастай-Улиастай, Сэлбийн гол дээр Санзайн амралтын ойролцоо Сэлбэ-Санзай, Сүхбаатар дүүргийн Дамбын гүүрний хавьд Сэлбэ-Дамбадаржаа, Хэрлэн гол дээр Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний хавьд Хэрлэн-Багануур, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын баруун талд Онгийн гол дээр Онги-Сайхан Овоо гэсэн 8 ус судлалын харуул ажилладаг бөгөөд шинжилгээмэдээллийн хөтөлбөрт ажлын ажиглалт хэмжилтийг өдөр бүр өглөө 08, орой 20 цагт хийдэг.
Өдөр бүрийн усны түвшний тогтмол мэдээгээр 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 30 хүртэл 10 хоног тутмын цас мөсний зузааны мэдээгээр 10 дугаар сарын 1-нээс 3 дугаар сарын 31 хүртэл үйлчилнэ.Ус цаг уурын олон улсын мэдээнд Туул, Тэрэлж голын мэдээнүүд тус тус өгөгдөнө. Гол үерийн түвшинд хүрмэгц үерийн болон аюул түвшний ажиглалт хэмжилт хийж мэдээг 2 цаг болон 4 цаг тутам төврүү дамжуулан ажилладаг.
Сар бүр ажиглалт хэмжилтийн тайланг ус судлалын өртөөнд явуулдаг бөгөөд, жил бүрийн
дөрөвдүгээр сарын нэгэнд харуул бүрээр урсац бодолтын ажил хийж улсын усны горим, нөөц тодорхойлох эмхтгэлд орж,
голын усны горим,орчин зүйн тодорхойлолт, мэдээг гаргана. Сар бүрийн ажиглалт хэмжилтийн тасралтгүй цуваа үүсгэсэн материалыг ус цаг уурын мэдээллийн архивын нэгдсэн санд оруулдаг
Ус судлалын ажиглалт хэмжилт, шинжилгээ мэдээллийн ажлын ач холбогдол
Монгол улсын хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагыг ус цаг уур, орчны мэдээллээр хангах ажлыг Ус цаг уурын байгууллага эрхлэн гүйцэтгэх бөгөөд ус судлалын чиглэлээр гол мөрөн, нуурын усны горим, орчин зүйн тухайн үеийн төлөв байдлыг мэдээлэх, усны бохирдол, биологийн орчныг нь тодорхойлох, усны горимын прогноз зохиох, голмөрөн, нуурын усны баялгийг усан хангамж, услалтын систем, зам тээвэр,цахилгаан энерги үйлдвэрлэл, усны барилга байгууламж, гүүр, далан барих, болонбусад зорилгоор ашиглах, зураг төсөл зохиоход шаардагдах усны горим, орчин зүйн лавлах, эмхтгэл гаргах зэргээр үйлчилнэ.Мөсний зузааны ажиглалт нь гол дээр барих гүүр, усны барилга байгууламжийн зураг төслийг зохиох, мөсөн зам, гарц байгуулах нөхцөлийг тодорхойлоход шаардлагатай.
Урсгал усны нөлөөгөөр голын гулдирал ба татмын хэлбэр дүрс орон зай, цаг хугацаанд тасралтгүй өөрчлөгдөн хувирахыг гулдирлын өөрчлөлт гэнэ. Өөрөөр хэлбэл, голын гулдирлын хөндлөн болон дагуу огтлолын төрх байдалд өөрчлөлт орохыг хэлнэ. Голын сав газрын геологийн тогтоц, хотгор гүдгэрийн онцлог, усны урсгал, хагшаасны зөөгдөл, гулдирлын хөгжлийн үе шатзэргээс хамааруулан гол мөрний гулдирлын өөрчлөлтийг хошуу туудаст, хажуугийн хошуу туудаст, чөлөөт бус тохойрол, чөлөөт тохойрол, төгс бус тохойрол, татмын салаажилт, гулдирлын салаажилт гэсэн 7 үндсэн төрөлд хуваана.
УБ Ус судлалын өртөөний ус судлалын харуулууд нь бүгд шонгийн харуул бөгөөд гол ёроолдоо хүртэл хөлдөх болон хатаж ширгэхээс бусад хугацаанд харуулын чиглэл дэх шонгууд дээр өглөө 08, орой 20 цагийн усны түвшний хэмжилтийг хийдэг. Өртөөнөөс тогтоож өгсөн үерийн болон аюул түвшинд хүрмэгц олшруулсан ажиглалт, хэмжилтийг хийж мэдээг төв рүү 2 буюу 4 цаг тутамд дамжуулж ажилладаг. 10 хоног тутам шалгалтын хэмжилт мөн шонгоос шонд шилжих үед, усны түвшин үлэмж ихсэх, багасах үеүдэд усны түвшний зэрэгцээ тоололтыг хийдэг.
Мөсний зузааны хэмжилтийг байнга хийдэг хэсэг нь гүн устай, тухайн гол нуурын мөсөн бүрхүүлийн дундаж зузааныг илэрхийлэхүйццэгүүд байна. Мөсний зузааныг сар бүрийн 10,20, сарын сүүлчийн өдөр хэмжилтийн 3 цооногт хэмжинэ.Мөсний болон живсэн мөсний зузааныг хэмжихдээ мөсний дэгээтэй рейкийг урсгалын дагуу болон урсгалын хөндлөн чиглэлд тавьж хэмжээд хэмжилтийг 1см хүртэл нарийвчлан дэвтэрт тэмдэглэнэ.Мөсний зузааны хэмжилт хийх үед дараах элементүүдийг хэмжинэ.
Шинжилгээний хөтөлбөрт ажлын дагуу ажиллахад нь удирдан чиглүүлж, шалган зааварлаж, сургаж тусалж, хамтран ажилладаг. Тус өртөөнөөс жилд харуул бүрт 2 удаа шалган туслах ажлаар тухайн ус судлалын харуулын хөтөлбөрт бүх ажиглалт хэмжилт, боловсруулалтыг холбогдох заавар дүрэм, цаг хугацаа, хэмжилтийн технологи мөрдөлтөнд шалгалт хийж, зааж сургаж, хяналтын хэмжилт хийдэг. Шалган туслах ажлаар ус судлалын өртөөнөөс түвшин хэмжилтийн шонгуудыг нивелирдэж өндөршлийг тогтоож өгөх ба голын хөндлөн огтлолын болон хамгийн их үерийн мөрөөр нивелирдлэг хийдэг.